Friday, May 9, 2014

казахстаны нийслэл Астана

Ертөнцийн хот Астана

Нийтэлсэн: 2012-10-22 17:14:04

Бүгд Найрамдах Казахстан улсыг зориод ирлээ. Өргөн хүрээнд зохиогддог Евроазийн форум болоод өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Астана хот олон улсын анхаарлыг татсаар л байна. Тэр ч утгаараа арав дахь удаагаа зохиогдсон Евроазийн тус форумд дэлхийн 45 улс орны төлөөлөл, гадна, дотны хэвлэл мэдээллийн 200 гаруй байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.


Астана хотын “Казмедиа" радио телевизийн цамхагт болсон энэ удаагийн форумын гол сэдвийн нэг “Терроризмтэй хэрхэн тэмцэх вэ”, “Арабын хавар”, “Казахстаны цөмийн эсрэг тэмцлийн эхлэл Ираны цөмийн төлөвлөгөөний эргэн тойрон дахь асуудлууд байв. Энэ удаагийн, Евроазийн форумыг нээж Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын охин Н.Дарига үг хэлсэн.

Учир нь тэрбээр Евроазийн медиа форумын зохион байгуулах хорооны тэргүүнээр ажилладаг байна. Энэ үеэр Н.Дарига “Евроазийн медиа форум жил бүр Астана хотод зохион байгуулагдана. Шинэхэн Астана хотын хөгжил, цаашдын бүтээн байгуулапт нь энэхүү форумтай салшгүй холбоотой” гэдгийг дурдсан. Форумд оролцсон улс орны төлөөлөл дээрх сэдвээр санал солилцсоныг энд дурдах хэрэгтэй байх.

Энэ бүхнээс илүүтэй тусгаар тогтноод 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын нийслэл Астана хотын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш. 1999 оны долдугаар сард ЮНЕСКО-гоос Астана хотыг “Ертөнцийн хот” болгон зарласан байдаг. Мөн 2003 онд олон улсын үнэлгээний “Moodys investors Service” агентлаг энэ хотын зэрэглэлийг ВА-З-аас ВА хүртэл хоёр шатаар ахиулсан нь бий.


Ийн тусгаар тогтноод олон жилийн нүүрийг үзээгүй ч улс орноо “Ертөнцийн хот” болтлоо хөгжүүлж, тэр хэрээр дэлхийн олон орны казах үндэстнийг нэгтгэж, ард түмний амьдрал ахуйг өөд нь татсан гээд казахстанчууд ерөнхийлөгчөө ам булаалдан магтаж байна. Казахстанчууд Н.Назарбаевийг хүндлэхийн дээдээр хүндэлж, бас шүтэн биширдэг нь тэнд өнжсөн хэдэн хоногт анзаарагдсан.

Жирийн иргэд болоод таксины жолооч хүртэл ерөнхийлөгчийнхээ нэрийг бүтнээр нь хэлдэггүй. Бүгд “Назаке” эсвэл “Ел ага” хэмээн авгайлдаг юм билээ. Назеке гэдэг нь Назербаевийн нэрийг товчилсон хэлбэр. Харин “Ел ага” гэдгийг монголчилбол “Улсын ах” гэсэн утгатай юмдаг уудаа. Одоогоос хэдэн жилийн өмнө Казахстан улс нийслэлийнхээ төв хэсэгт манайхаар Сүхбаатарын талбайдаа ямар цамхаг барьж байгуулах, монголчуудынхаар олон жил Сүбаатарын хөшөөг байлгасаар байхуу гэх мэтчилэн ярьсны эцэст “Астана Байтерек" цамхагийг босгожээ.

Энэ цамхаг Казахстан улсын бэлгэ тэмдгийг агуулдгаараа онцлогтой. Алтан цацрагт нарыг 97 метрийн өндөртэй зүйрлэжээ. Мөн ертөнцийн эх болсон гурван зүйлийг илэрхийлэгч гурван хэсгээс бүрдэх тус уран барилгын металл хийцийнх нь өндөр 105 метр, жин нь 1000 тонн гэнэ. Байтерек цамхагийн дээд хэсэгт 22 метрийн диаметртэй, нарны гэрлийн нөлөөгөөр өнгө сольдог, 300 тонн жинтэй хамелеон шилээр хийгдсэн бөмбөрцөг байрладаг.

Казахстан улсын бэлэг тэмдэг бүхий энэ цамхагт Н.Назарбаевын гарын таван хурууны хээг урласан алтан тамга бий аж. Гаднаас очсон жуулчид хамгийн түрүүнд тухайн өндөр цамхагийг зорьж, алтан тамга дээр гараа тавьдаг юм байна. Хүмүүс алтан тамган дээр алгаа тавих тоолонд Казахстаны төрийн дуулал эгшиглэдэг. Хүсэл биелдэг хэмээн сүсэглэдэг казахстанчуудын хувьд энэ нь ерөнхийлөгчдөө хэр найрсаг ханддагийн жишээг харуулна.


Өдгөө Астана хот 710.2 кв.км нутаг дэвсгэртэй. Казахстан улс бол Евроазийн төв хэсэгт орших томоохон улсад тооцогддог. Нутаг дэвсгэрийн хувьд баруунаас дорно зүг хүртэл 3000 км, өмнө зүгээс хойд зүг хооронд 1600 км үргэлжилдэг. Хойд талаараа ОХУ-тай, өмнөд талаараа Туркменстан, Узбекстан, Киргиз улстай, дорнод талаараа БНХАУ-тай хил залгадаг. Энэ улсын баруун зүгт Каспийн тэнгис нь оршдог юм билээ.

Хүн амын тоо нь 15 сая хол давдаг гэж байгаа. Гэхдээ энэ тоог жирийн иргэд нь барагтай мэддэггүй нь сонирхол татна. Казахстан улсын нийт хүн амын 60 хувь буюу ес орчим саяыг казах үндэстнүүд бүрдүүлдэг гэж байсан. Одоогоор 131 үндэстэн, ястан амьдардаг тус улсын төрийн хэл нь казах болохоор Монголоос очсон казах иргэд тэр тусмаа өлгийчүүд түвэггүйгээр ойлголцоно.

Астана хотод Монголоос очсон казах иргэд олноороо суурьшдаг юм билээ. Нэгэн түүхийг сөхөхөд одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголоос Казахстан улсыг зорьсон их нүүдэл эхэлсэн. Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайд байрладаг хамгийн ихээр алслагдсан Баян-Өлгий аймагт аж төрдөг Өлгийчүүдийн зарим нь Казахстан руу бууриа сэлбэн нүүдэллэсээр хэдийнэ 20 жил өнгөрчээ.

Олон жил үргэлжилсэн энэ нүүдлийг казахууд “Их нүүдэл” гээд нэрлэчихсэн байдаг. Монголд ирж суурьшсанаараа хэдэн зуун жилийн түүхтэй тэдний хувьд тухайн үед идээшин дассан нутгаа орхиод явах тийм ч амар байгаагүй. Одоогоос 20 жилийн өмнө юм даа. Намрын улирлын хэдхэн долоо хоногт Баян-Өлгий аймгийн төвийн байшин барилгууд балгас болж хувирсан.

Ганцхан шөнийн дотор ойр садны хичнээн ч ах, дүү, төрөл садан, хөрш, найз нөхөд аав, ээж, нутаг усаа орхиод яваад өгсөн. Мэдээж тухайн үед дэлхийн казахуудыг нэгтгэх Н.Назарбаевын урилга тэр үеийн залууст сурч, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах боломжийг олгосон болоод тэр л дээ. Харин хөгшчүүлийн нэг хэсэг нь усын ууж, ёсын дагасан Монгол Улс, төрж өссөн нутгаасаа явахгүй гээд үлдэцгээсэн удаатай юм.

Харин одоо бууриа сэлбэж явсан нэгэн Казахстанд очоод сайхан амьдарч л байна. Тэднээс Казахстанд очоод ч амьдрал ахуйгаа өөд нь татаж чадаагүй, эрүүл мэнд болоод бусад шалтгааны улмаас Баян-Өлгий аймагт буцаж нүүж ирсэн нь ч бий. Хүний амьдрал эрээнтэй, бараантай гэдэг. Тэр жамаар л их нүүдэл рүү хошуурсан казах иргэдийн дундаас тэндээ нэр төртэй ажиллаж байгаа нь цөөнгүй.

Ер нь Монголоос очсон казахууд эзэмшсэн мэргэжил, боловсролоо гологдоно гэж үгүй. Монголд нэр төртэй ажиллаж явсан төр нийгмийн, урлаг соёл, спортын гээд олны танил хүмүүс Казахстанд ямаршуухан аж төрж байгааг сураглалаа. Тэд одоо ч Казахстанд сайн сайхан аж төрж буй юм байна. Нэлээд олон жилийн өмнө Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан К.Зардыхан гуайг манайхан таних байх.

Тэрбээр өдгөө Алматы хотод түүхийн ухааны чиглэлээр их, дээд сургуулиудад багшилдаг гэсэн. Монгол Улсын болоод Казахстаны гавьяат жүжигчин Хавлаашийг монголчууд “Зулай цагаан Алтай” дуугаар нь андахгүй. Гавьяат маань Алматы хотод Казахстаны их зохиолч Х.Абайн нэрэмжит Драмын эрдмийн театрт ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд Казахстаны парламентад хүч сорьж, залуу үеийнхний халаа болж яваа Алмасбек гэх залууг өлгийчүүд мэдэх биз ээ.

Тэрбээр Казахстаны үндэсний аюулгүйн байнгын хорооны зөвлөхөөр ажилладаг сураг сонсогдсон. Хэдэн жилийн өмнө НҮБ-аас дэлхийн казахуудын дунд нэгэн судалгаа явуулжээ. Тэр нь үндэсний хэл, соёл, зан заншлыг казахууд хэрхэн өвөлж үлдсэнтэй нь холбоотой. Судалгаанд дэлхийн 90 гаруй улсад аж төрдөг казах иргэд хамрагдсанаас Монголын гэх тодотголтой казахууд жагсаалын эхэнд бичигдсэн байдаг.

Тодруулбал төрөлх хэл, соёл, зан заншлаа “ориг”-оор авч үлдсэнээр манай казах иргэд шалгарсан гэсэн үг. Ер нь Казахстанд зөвхөн Баян-Өлгийн казахууд нүүж очсон юм биш. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн казахууд ч бий. Тэдний дунд Казахстанд бизнесийн зорилгоор очиж ажиллаж, амьдардаг халхууд ч байдаг гэнэ. Ганц гэм нь Монголоос очсон халх хүмүүс өнөө хэр казах хэлийг сурч чадахгүй байгаа юм билээ.

Нэг хэсэг нь тэндхийн иргэдтэй оросоор ойлголцдог бол нөгөөд нь Монголоос очсон казахууд хэл нэвтрэлцэхэд тусалдаг ажээ. Олон зуун жил “ханилсан” монгол түмэн ийнхүү Казахстан хэмээх нэгэн гүрэнд нэгийгээ хань татан эвтэй найртай аж төрсөөр байна.



Дэлхийн гайхамшгууд .. Астанад сүндэрлэжээ
Өдгөө Астана хот олон улсын ажил хэргийн болоод соёлын төв болтлоо хүрээгээ тэлжээ. Египедийн пирамид, Америкийн эрх чөлөөний хөшөө, Парисийн цамхаг гээд ертөнцийн гайхамшгууд бүгд Астана хотод сүндэрлэсэн байна. Энэ утгаараа Астана хот тусгаар тогтносон залуу улс орны түүхэнд өөрийнхөө алтан хуудсыг бичсэн гэж дээрх Евроазийн медиа форумд оролцогчид онцолсон.

Тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1990-ээд оны дунд хэн ч санаагүй байхад өмнөд зүгт оршдог Алматы хотоос улсын яг төв хэсэгт нийслэлийг шилжүүлэх тухай шийдвэр гаргасныг уншигчид санаж буй байх. Ингээд удалгүй Астана хот эдийн засаг, улс төр, соёлын амьдрал буцалсан томоохон хот болж хувирсан байдаг, Өнөөдөр Астана хотын хүн амын тоо хагас сая давжээ.

Казахстаны менежмент, эдийн засаг болон тандан судлалын хүрээлэнгийн судалгааны багийн тооцоогоор 2030 онд Астанад нэг сая 200 мянган хүн амьдрах төлөвтэй юм байна. Астанагийн хот байгуулалтын төслийг хийхэд гадаадын шилдэг уран барилгачид, тэргүүн зэргийн барилгын компаниуд оролцжээ. Астана хотод байрлах Энх тайван, эв нэгдлийн ордныг Казахстан дахь “Жей Ти Ай” буюу “JTI” компанийн төлөөллүүд танилцуулсан.

Уг Энх тайван, эв нэгдлийн ордон шиг уран барилгын шийдэлтэй барилга байгууламж дэлхий дахинд байдаггүйгээрээ онцлог. Астанад янз бүрийн шашны ёс заншлыг нэг дор цуглуулдаг газар байдаг ч Казахстаны шашны орны бусдаас ялгарах онцлог нь харилцан зөвшилцөх зорилго бүхий яриа хөөрөө өрнүүлдэг нэг л газар юм. Энд дэлхийн янз бүрийн шашны байгууллагуудын төлөөлөл, соёлын архив, соёл иргэншлийн их сургууль, 1500 хүний суудал бүхий дуурийн театрт цугларч санал бодлоо солилцдог нь бахархал төрүүлнэ.

Энхтайван, эв нэгдлийн ордон нь 25 давхар, 25,5 мянган кв.м талбайтай. Гол нь шашны эв нэгдэл, Казахстаны эрх чөлөө, нээлттэй байдлыг илэрхийлдэг.
Мэдээж аливаа улс, хотын өнгө төрх, хөгжлийг илэрхийлдэг зүйлийн нэг бол замын асуудал байдаг. Тус улсын бүтээн байгуулалт, замын хөгжлийг энд дурдаад баршгүй. Замын бөглөрөл, зам засварын ажил дутуу хийгдсэн, түүнээс үүдсэн асуудал гэх зүйл бараг үгүй.

Астанад очсон хэнд ч автомашинаа унаад ийм сэлүүхэн замд давхих юмсан гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө дөө. Ер нь энэ мэт улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлуудад Казахстан улс төрийн, хувийн гэлтгүй бүх байгууллага, хувь хүний оролцоо, дэмжлэгийг авдаг байна. Астана хотод зохиогдсон Евроазийн медиа форумын үед Н.Назарбаевийн охин Н.Дарига “Казахстан улс тийм ч баян улс биш.

Гэхдээ Казахстан улсад үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын тусламж, дэмжлэгийг авахаас татгалздаггүй. Энэ бүхэн нь эргээд хотын хөгжил, хүмүүсийн ая тухтай байдлыг хангахад чиглэгддэг” гэж байсан. Энэ ч үүднээс “JTI” компани дээрх Евроазийн медиа форумыг зохион байгуулахад гол ивээн тэтгэгчээр оролцжээ. Тус компанийн төлөөлөгчийн газар нь Монголд байдаг аж.


Ер нь Казахстан улс аливаа хэрэглээг хорих бодлого баримталдаггүй юм байна. Жишээлбэл, тамхины үйлдвэрлэл төрөөс ямар нэгэн хориг саад тавьдаггүй. Харин ч эсрэгээр их хэмжээний орлогыг нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэх, улмаар компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх талын бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, тамхины үйлдвэрлэлийг албадан бууруулах биш, тухайн өндөр орлогоос багагүй хэмжээний хөрөнгийг архи, тамхины хор хөнөөлийг сурталчилах, архи, тамхины хэрэглээг орлуулах үйлдвэр үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг байна.

Энэ нь ч үр дүнгээ өгч, тамхины орлогын багагүй хэсэг нь өсвөр болон өндөр насныхан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хөрөнгө оруулалт болж чаджээ. Ингэснээр сүүлийн үед анх удаагаа Казахстанд архи, тамхины хэрэглээ өсөөгүйгээр барахгүй буурах хандлага гарсан байна. Аливаа хэрэглээг хорих тусам өсвөр насныхны шохоорхлыг ихээр татдаг нь олон төрлийн судалгаагаар батлагддаг.


Тамхины үйлдвэрлэл, хэрэглээг муйхраар хориглосноор далд байдалд орно. Үүний уршиг нь хүний эрүүл мэндэд хортой. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ албан бусаар үүсч, далд эдийн засаг, гэмт хэрэг, өвчлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, төр хэрэглээг албадлагаар бус хүүхэд багачуудад сургалт явуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэнэ.


Монголчуудын эртний анд казах түмэн ийнхүү хөгжин дэвжсээр. Монголчуудад ч тэднээс суралцах зүйл нэлээд бий. Тэндэхийн монголчууд Улаанбаатарын тухай багагүй сонирхох юм. “Нийслэл авто замын түгжрэлгүй болсон гэсэн үнэн үү? Хэзээ Астана шиг болох бол хэмээн санаа тавих иргэд цөөнгүй тааралдав. Монголчууд, казахууд бүгд адил. Сайхан нийслэлтэй байхыг эрмэлздэг. Харин өнөөдөр Астанагийн хот байгуулалтын жишээ Монголоор зогсохгүй дэлхий дахины жишиг болж байна. Бидэнд тэднээс авах бэлэн жишээ олон байна. Астана өдөр ирэх тусам тэлсээр, тэнгэрийн хаяа руу тэмүүлсээр....

Ч.Анна
Эх сурвалж: “Нийслэл Таймс”

No comments:

Post a Comment